Индонезийн эрх баригчид Malaysia Airlines компанийн нисгэгчийг 26 кг экстази хууль бусаар Жакарта хотын олон улсын нисэх буудлаар нэвтрүүлэхийг завдсан хэрэгт баривчилсан бичлэгээ олон нийтэд дэлгэлээ.
ВИДЕО:
39 настай Малайзын иргэн "MS" гэх нэрийн эхний үсгээр бүртгэгдсэн уг нисгэгч Куала Лумпураас Жакарта руу нислэг үйлдсэний дараа гаалийн шалгалтад орсон байна. Түүний ачааг рентген төхөөрөмжөөр шалгахад сэжигтэй дүрс илэрч, нарийвчилсан үзлэг хийхэд 26 кг буюу 70 мянга гаруй ширхэг экстази шахмал, мөн бага хэмжээний метамфетамин илрүүлжээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны үеэр мансууруулах бодисыг Жакартад хүргэж өгснийхөө төлөө 50 мянган малайз ринггит авахаар тохиролцсон байсан бөгөөд өмнө нь ч ижил төрлийн хууль бус тээвэрлэлт хийж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн сэжигтнээс авсан шинжилгээгээр түүний биед экстази, метамфетамин, кокаины ул мөр илэрсэн талаар Индонезийн Хар тамхитай тэмцэх газраас мэдээлжээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Индонезийн хар тамхитай холбоотой хатуу хууль тогтоомжийн дагуу түүнд бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял оноох хүртэл хариуцлага хүлээлгэх боломжтой аж. Харин Malaysia Airlines компанийн зүгээс уг хэрэгтэй холбогдуулан Индонезийн эрх баригчидтай хамтран ажиллаж, дотоод шалгалт эхлүүлснээ мэдэгдсэн байна.