Инфляц 0.4 нэгж хувиар нэмэгдэж  12.4 хувьд хүрэх төлөвтэй байна

Инфляц 0.4 нэгж хувиар нэмэгдэж 12.4 хувьд хүрэх төлөвтэй байна

Нийлүүлэлтийн шалтгаант мах, шатахууны үнэ болон төрийн зохицуулалттай үйлчилгээний тариф өссөн нь инфляцын төсөөллийг нэмэгдүүлж байгааг Монголбанк мэдээллээ.

Инфляц сүүлийн таван сар дараалан өсөж, зургадугаар сард 12 хувьд хүрсэн байна. Харин долдугаар сард энэ үзүүлэлт дахин 0.4 нэгж хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг онцолжээ. Үүнд, махны үнэ зургадугаар сарын сүүлээс аажмаар буурч эхэлсэн ч үнийн түвшин өндөр хэвээр байгаа нь нөлөөлж байгаа аж. Мөн олон улсын зах зээлд геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж, үүнийг дагаад Монголд АИ-92 автобензиний үнэ долдугаар сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцад дарамт учруулжээ. Харин орон сууцны цэвэр усны тариф 37.2 хувь, бохир усны тариф 53.2 хувиар өссөн ч эдгээр төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөө харьцангуй бага байгааг Монголбанк онцолсон байна.

Түүнчлэн инфляцын дарамт цаашид аажмаар саарах эерэг хүчин зүйлс ажиглагдаж байгааг дурджээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлсэн нь хүнсний үнийн өсөлтийг сааруулах төлөвтэй байгаа бол наймдугаар сарын дунд үеэс шинэ ургацын хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдэж эхэлснээр хүнсний ногооны үнэ буурах хүлээлттэй байгааг мэдээллээ.