ОХУ-ын баллистик пуужингийн цохилтоор Киевт 17 хүн амиа алджээ

ОХУ-ын баллистик пуужингийн цохилтоор Киевт 17 хүн амиа алджээ

ОХУ лхагва гарагийн шөнө Украин руу баллистик пуужин болон дроноор халдлага үйлдсэний улмаас Киев хотод дор хаяж 17 хүн амиа алдаж, 44 хүн шархадсан талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ.

Халдлагын улмаас орон сууцны барилга, агуулахууд эвдэрч, нурангин дор хүмүүс дарагдсан байж болзошгүй гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдээлжээ. Мөн шархадсан дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр ОХУ нийт 24 баллистик пуужин, дөрвөн усан онгоц эсэргүүцэх пуужин, 115 дрон харваснаас агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд 98 дроныг устгасан байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Киев болон түүний ойролцоох зэвсэг, цэргийн хангамжийн логистикийн төвүүд, дрон үйлдвэрлэлийн байгууламжуудад цохилт өгсөн гэж мэдэгджээ. Сүүлийн үед ОХУ Киев рүү довтолгоогоо эрчимжүүлж буй бол Украин ч ОХУ-ын дэд бүтцэд дроны цохилтоо нэмэгдүүлээд байна.