ВИДЕО: М.Энхсайханыг ялтан болгосон 130 саяын машиныг зах зээлд 160 сая төгрөгөөр худалдаалж байна

ВИДЕО: М.Энхсайханыг ялтан болгосон 130 саяын машиныг зах зээлд 160 сая төгрөгөөр худалдаалж байна

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23 /2020.04.23/-ны өдөр шүүгдэгч М.Энхсайханд холбоотой хэргийн анхан шатны шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Учир нь түүнийг шүүх хурлын явцад “олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байсан нь шүүхэд нөлөөлж байна” гэсэн үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.

Учир нь Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. 

-2013 ОНД 75 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ БАЙСАН АВТОМАШИНЫГ 130 САЯ ТӨГРӨГӨӨР АВЧ УЛСАД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ШҮҮХ ТҮҮНИЙГ БУРУУТГАВ-

Харин энэ долоо хоногийн Мягмар гарагаас эхлэн М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжилж, шийдвэрээ гаргасан. Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгав. Тодруулбал түүнийг 2013 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа, Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжид, тухайн 2013 ондоо зах зээл дээр 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан Lexus 570 автомашиныг 130 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. 

Харин түүнд холбогдуулан шалгаж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйл буюу Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан эсэх үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан.

-М.ЭНХСАЙХАНЫГ ЯЛТАН БОЛГОСОН LEXUS 570 МАРКИЙН АВТОМАШИН ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ УЛСАД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА АЖЭЭ-

“Хүн байвал хэрэг нь олдоно гэж ЗХУ-ын удирдагч И.Сталины үг” бий гэж Монголчууд ярьдаг. Үүнтэй адил М.Энхсайханыг буруутгасан шүүхийн дээрх шийдвэрийг улс төрийн захиалгатай хэлмэгдүүлэлт боллоо гэж шүүмжлэх иргэд сошиал сүлжээнд олон байна. Учир нь М.Энхсайхан 2012-2014 оны хугацаанд Таван толгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажилласан байдаг. Энэ хугацаанд тэрээр “2010 онд үйлдвэрлэгдсэн 13 мянган mill (1 mill 1,6 км-тай тэнцдэг) буюу 20 мянган км явсан Lexus 570 маркийн автомашин”-ыг 2013 оны тавдугаар сард 130 сая төгрөгийн өртөгтэйгөөр тус төслийн нэгжид худалдан авчээ.

Харин тус автомашин 70-02*** улсын дугаартайгаар Таван толгой цахилгаан станцын төслийн нэгжид өнөөдрийг хүртэл ашиглагдаж байна. 

Өчигдөр /2020.05.08/ УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэр “Хаа байсан 2013 онд Lexus 570 автомашин авах 160 сая төгрөгийн эрхийг нь өгсөн байсан юм билээ. Гэтэл аминдаа, хөөрхий минь 30 сая төгрөг хэмнээд 130 саяаар 570 авсан юм билээ. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 400 сая төгрөгийн машин унаад явж байгаа биз дээ. Хуулийн байгууллага хүний царай харж яллаж болохгүй” гэсэн юм. Нөгөө талаар М.Энхсайханд холбогдох шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглахаар манай улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцсон байгаа юм.

-LEXUS 570 АВТОМАШИН 2013 ОНД МОНГОЛД 110-160 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙЖЭЭ-

Иймд бид 2013 онд Lexus 570 маркийн автомашин ямар үнээр худалдаалж байсан, мөн өнөөдөр тус автомашин үйлдвэрлэгдсэн он, явсан километрээс хамаарч ямар ханштай байгаа талаар автомашины захад очиж сурвалжилсан юм. Энэ үеэр автомашин борлуулагчид “2010 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 автомашин 2013 онд гүйлтээсээ хамаарч 110-160 сая төгрөгт худалдаалагдаж байсан гэх мэдээллийг өгсөн юм. 

Харин 2020 онд буюу өнөөдөр 2010 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 автомашин 60-75 сая, 2015 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 автомашин 150-160 сая, 2020 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 автомашин 280-320 сая төгрөгийн өртөгтэй байна гэх мэдээллийг өглөө. Учир нь тус автомашины үнэлгээ Монголд буух нь бага, хэрэглээ өндөр байдаг байна. Мөн нөгөө талаар гадаад зах зээл дээр тус автомашины үнэ 90-100 мянган ам.долларын тогтсон үнэтэй байдаг бол,  манай улсад валютын ханш өссөн тул төгрөгт шилжүүлэхээр өндөр өртөгтэй мэт харагддаг гэлээ. 

Гэтэл М.Энхсайханыг 2010 онд үйлдвэрлэсэн Lexus 570 автомашиныг 2013 онд 75 сая төгрөгөөр худалдан авах ёстой байсан гэж буруутгасан байгаа юм. Гэтэл 2010 оны Lexus 570 автомашин 2020 онд 75 сая төгрөг болж үнэ нь буурсан байгаа юм. 

Lexus 570 маркийн автомашин

М.Энхсайханд шүүхээс 4 жил 6 сарын хорих ял оноосныг эсэргүүцэж байгаа зарим иргэдийн сэтгэгдэл.