Улсын төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх долоо хоногт тодрох төлөвтэй байна.
Харин зургадугаар сарын 02-ны нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн хорооноос гардаж аваад албан ёсоор сурталчилгааны ажилдаа орох ёстой. Харин сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 24-ны өдөр болно.
Товчхондоо, одоо нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс өөрийн зурагт хуудасаа тараавал УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, нэр дэвших эрхээ хасуулна гэсэн үг. Харин хуулийн энэ зохицуулалт УИХ-ын гишүүдэд үйлчлэхгүй гэж байхаар хуульчилсан. Учир нь тэд ажлын тайлан гэж нэрлээд зурагт хуудсаа иргэдэд тарааж болох хуулийн зохицуулалттай.
-УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 20-Н ГАРГААД ХААГДАЖ МАГАДГҮЙ-
Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар зэрэг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар өөрсдийн зурагт хуудас бүхий ном, сэтгүүлээ дээрх дүүргийн айл өрхүүдэд тарааж эхэлжээ. Зарим иргэд энэ тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ:
“Манай дүүргээс сонгогдсон гишүүд хэн билээ гэж бодоод байсан чинь 4 жилийн дараа ингээд ороод ирж байдаг шүү” хэмээжээ.
Учир нь 2020 оны Хаврын чуулган буюу 2016-2020 оны парламентын отгон чуулган энэ сарын 20-ны өдрийг гаргаад хаагдах төлөвтэй байгаа юм. Иймд энэ хугацаанд амжуулж УИХ-ын зарим гишүүд, өөрсдийн ажлыг танилцуулсан зурагт сэтгүүл, номоо тарааж байгаа бололтой. Энэ нь сонгуулийн далд сурталчилгаагаа хийж эхлэв үү гэх хардлагыг төрүүлж байна.
Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх мөнгөгүй сонгууль хийнэ гэж мэдэгдсэн. Гэтэл зарим УИХ-ын гишүүдийн тарааж байгаа материалын "хэвлэлт, тараалт"-ын зардал 100 гаруй сая төгрөг болж байна гэх зарим иргэд ч байгаа юм.