Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ долоо хоногийн Мягмар гарагт эхэлж, өнөөдөр дууслаа.
Шүүхээс М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон.
Товчхондоо, түүнийг 2015 онд 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп автомашиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд 50 сая төгрөгийн мөнгөн хохирол учруулсан гэж үзсэн юм.
Харин шүүхийн энэхүү шийдвэрийг иргэд нэлээдгүй эсэргүүцэж байна. Тэгвэл М.Энхсайханы охин Э.Хонгорзул өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа. Ардчилал иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм!
1996 оны энэ зураг Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн эдийн засгийн чөлөөт улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм. Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй” гэжээ.