Ж.Болд: Цагдаагийн албан хаагчид халдах хэрэг нэмэгдэх боллоо

Ж.Болд: Цагдаагийн албан хаагчид халдах хэрэг нэмэгдэх боллоо

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг сахиулах үүргээ гүйцэтгэх явцдаа 180 мянга гаруй өргөдөл гомдлыг аваад шалгаж байна.

Үүний 460 гаруй нь цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ хууль зөрчсөн талаарх иргэдийн гомдол байгааг авч шалгасан. Эдгээрээс харахад 245 нь буюу 57.5 хувьд нь хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, 23 хувьд нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн нь тогтоогдож, сахилгын арга хэмжээ аваад явж байна.

Цагдаагийн алба хаагчтай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нэг бүрийг албаны шалгалтаар явуулдаг. Ингээд буруутай бол зохих сахилагын шийтгэл ногдуулж, гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагуудад шилжүүлж, шийдээд явдаг. Ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчийг өмгөөлж, хаацайлдаг юм байхгүй. Сүүлийн үед иргэд, олон нийт, зарим нэгэн ёс зүйгүй сэтгүүлчээс шууд гэрэл зураг авах, лайв хийх, худал мэдээлэл тараах явдал нийтлэг гараад байна. Түүнийг нь үзсэн иргэд цагдаагийн байгууллага болон алба хаагчийн талаар буруу зөрүү ойлголттой болох тохиолдол гарч байгаа.

Мөн цагдаагийн алба хаагчийн биед халдах тохиолдлууд гарах боллоо. Өмнө цагдаагийн байгууллагын зүгээс алба хаагчаа өмгөөлж, хамгаалах чиглэлээр тайлбар, мэдээлэл гаргаж байгаагүй.

Энэ нь байгууллагын болон алба хаагчийн үйл ажиллагаанд алдаа байна уу гэдгийг шалгачихаад мэдээлэе гэдэг байсан бол сүүлийн үед хэрээс хэтрээд байна.

Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтын бүтэцтэй. Тэр бүтэц нь байгууллагаа өмөөрөхөөсөө илүүтэй, манай байгууллагад алдаа дутагдал байна уу, үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулж ажилладаг".