Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноов

Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноов

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дууслаа. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж, улмаар түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 22.2 болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Ингээд шүүхийн шийдвэрийн талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцно. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна" гэсэн юм. 

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос шүүхийн шийдвэрийн талаар тодрууллахад тэрээр "Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Нэг талыг барьж мөрдөн байцаалт явагдсан. Шинжээч нар алдаатай дүгнэлт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Прокурорт буцааж дахин шалгах хангалттай боломж байсан. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд хандана" гэсэн юм.