Ш.Амгалан: Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй 70 кг хар тамхийг хэзээ ч зөөвөрлөхгүй

Ш.Амгалан: Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй 70 кг хар тамхийг хэзээ ч зөөвөрлөхгүй

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг энэ сарын 03-ны өдөр гэр бүлийн хамтаар салхинд гарахаар явж байх үед нь Тагнуулын ерөнхий газраас баривчилж хорих 461 дүгээр ангид 42 цаг саатуулаад сулласан байна.

Түүнийг гадаадын тагнуулын байгууллага, ажилтантай хууль бусаар хамтран ажиллах хэрэгт холбогдуулаад баривчилсан гэж Тагнуулын ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү мэдэгдсэн. Цаашлаад хурандаа Ш.Амгаланд хэрэг үүсгэж шалгаж байгаа гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл уг асуудлаар хурандаа Ш.Амгалан zarig.mn сайтад  тайлбар, мэдээлэл өгснийг хүргэж байна.  

Тэрбээр “Хорих 461 дүгээр ангиас суллагдахаас тавхан цагийн өмнө Тагнуулын ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү намайг гадаадын тагнуулын байгууллага, ажилтантай хууль бусаар хамтран ажиллах хэрэгт холбогдсон гэж олон нийтэд мэдэгдсэн. Ингэж мэдэгдсний дараа сулласан. Намайг хилс хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг тохох гэж байна. Надад эх орноосоо, ард түмнээсээ урвасан зүйлгүй. Би Тагнуулын байгууллагыг шүүмжилдэггүй. Д.Гэрэл даргын ажлыг л шүүмжилдэг. Түүнээс авгай хүүхэд, ар гэрийг нь дурддаггүй.

Намайг баривчлах өдөр би Эмээлт захаас хонь авахаар явж байсан. Гэтэл гэнэт гурван машинтай залуу хүрч ирээд миний толгойд хар уут угласан. Ингээд эхнэр, охинд минь хүч хэрэглэн машинд чихэж суулгасан. Хувийн өмчит нь халдсан. Би прокурорын зөвшөөрөл чинь хаана байна гэсэн. Гэтэл үзүүлээгүй. Гэрт очоод нэгжлэг хийх нэрээр түйвээсэн.Би ерөнхий прокурор, дээд шүүх, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн комисст хандана.

Би Д.Гэрэл даргыг хэд, хэдэн удаа шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Гэрэл даргыг хууль бусаар томилогдсон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа хандаж байсан. Дараа нь Туркт суух консул Б.Баттүшиг хар тамхи зөөвөрлөж яваад Германд саатуулагдсан. Энэ залуу өмнө нь миний цэрэг байсан. Б.Баттүшиг тийм хэрэг хийх хүн биш.

Энэ залуу Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй хар тамхийг хэзээ ч зөөвөрлөхгүй. Германы цагдаагийханд мэдүүлэг өгөхдөө “Монгол төрийн хар тамхийг зөөж байсан” гэж хэлсэн байна лээ. Би түүнийг нь орчуулаад твиттертээ тавьж байсан” гэсэн юм.