Шударга тэтгэврийн тогтолцооны эрх зүйн орчин бүрдлээ

Шударга тэтгэврийн тогтолцооны эрх зүйн орчин бүрдлээ

УИХ өнөөдөр (2026.07.02) Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн баталснаар тэтгэврийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийх эрх зүйн орчин бүрдэв.

Шинэ хуулиар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс олон жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдэд илүү өндөр тэтгэвэр олгох зарчим хэрэгжиж эхэлнэ. Ажилласан жилийн хугацаанаас хамааран тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ өөрчлөлт 434 мянга орчим ахмадад хамаарах тооцоо гарчээ. Мөн 2033 оноос тэтгэврийн хэмжээг сүүлийн 10 жилийн дундаж цалингаар тооцох, нэрийн дансны тогтолцоонд хамрагдсан даатгуулагчдын тэтгэвэр огцом буурахаас сэргийлэх зохицуулалт хуульд туссан байна.

Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажилласан жил тутамд тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлэх, эрт тэтгэвэрт гарсан тохиолдолд дөрвөн хувиар бууруулах, тэтгэвэр авагч болон 18-24 насны оюутан залуусыг ажиллуулсан ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтууд багтжээ. Түүнчлэн бичил бизнес эрхлэгчдийн НДШ-ийн ачааллыг бууруулах, давхар ажил эрхэлдэг иргэн зөвхөн нэг ажлаасаа шимтгэл төлөх сонголттой болох, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг сайн дурын даатгалд хамруулах урамшууллын тогтолцоог бий болгосон байна. Засгийн газрын мэдээлснээр эдгээр өөрчлөлт нь олон жил яригдсан тэтгэврийн шударга бус байдлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.