Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу долоодугаар сарын 3-нд хаалтаа хийнэ. Чуулган өндөрлөхийн өмнөх өдрүүдэд парламентын ажил эрчимжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт дөрвөн өдөр дараалан үргэлжилж байна.
Үүнээс өмнөх хоёр долоо хоногт ч байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан тасралтгүй хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталлаа. Энэ хугацаанд Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх томоохон өөрчлөлтүүдийг багтаасан төслүүдийг эцэслэн баталсан. Тэр дундаа Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг богино хугацаанд дараалан хэлэлцэн баталж байгаа нь анхаарал татаж байна.
Ийм ачаалалтай үед УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо онцгой чухал. Гэвч чуулганы ирцийн мэдээллийг харахад зарим гишүүн удаа дараа хуралдаанд оролцоогүй нь анхаарал татаж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сар эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд нэг ч удаа оролцоогүй байна. Тэрбээр хуралдаан бүрт "чөлөөтэй" эсвэл "гадаад томилолттой" гэж бүртгүүлжээ. Гэвч ямар улс оронд, ямар албан ажлаар ажиллаж байгаа талаар албан ёсны мэдээлэл олон нийтэд танилцуулагдаагүй хэвээр байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга зургадугаар сарын 2, 4-ний өдрийн хуралдаанд оролцсоноос хойш чуулганы нэгдсэн хуралдаанд дахин суугаагүй байна. Түүний хувьд "эмнэлгийн чөлөөтэй" эсвэл "чөлөөтэй" гэсэн шалтгаанаар бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сар гарснаас хойш 12 удаагийн чуулганд хоёр л удаа суусан гэсэн үг.
Харин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан зургадугаар сараас хойших 12 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас ердөө гуравт нь оролцсон байна. Бусад тохиолдолд "тасалсан" эсвэл "чөлөөтэй" гэсэн бүртгэлтэй байгаа юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ирц мөн анхаарал татаж байна. Тэрбээр өнгөрсөн нэг сарын хугацаанд болсон чуулганы хуралдаанд дөрөвхөн удаа оролцжээ. Үлдсэн хугацаанд хоёр удаа эмнэлгийн чөлөөтэй, хоёр удаа чөлөөтэй, хоёр удаа гадаад томилолттой, нэг удаа орон нутгийн томилолттой гэж бүртгүүлсэн байна.