АН-ын бүлэг СЕХ-ны даргын томилгоонд гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга ажлын нэг өдөр олгов

АН-ын бүлэг СЕХ-ны даргын томилгоонд гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга ажлын нэг өдөр олгов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) даргаар Н.Мягмарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Үүнээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит бусаар хуралдаж, Н.Мягмарыг СЕХ-ны даргаар томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргав.

АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Монгол Улсын сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо нь чөлөөт, шударга сонгууль зохион байгуулах тогтолцооны чухал бүрэлдэхүүн. Энэ жил СЕХ-ны есөн гишүүний бүрэн эрх дуусаж байгаа. Тиймээс СЕХ-ны бүрэлдэхүүн бүрэн болсны дараа даргын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна. Энэ бол зарчмын асуудал учраас гурван хоногийн завсарлага хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин УИХ-ын дарга С.Бямбацогт СЕХ даргагүй ажиллаад хагас жил болж буйг онцолж, даргын томилгоог удахгүй шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр ээлжит чуулганы хугацаа дуусах гэж буй энэ үед ажлын гурван хоногийн завсарлага олгох боломжгүй гэж үзэн, Ардчилсан намын бүлэгт ажлын нэг хоногийн завсарлага олголоо. Ингэснээр СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаарн үргэлжлүүлэн хэлэлцэнэ.