Н.Учрал: Оюутолгойн хэлэлцээрээр Монголын талын өгөөжийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдлээ

Н.Учрал: Оюутолгойн хэлэлцээрээр Монголын талын өгөөжийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. 

Нэгдүгээрт, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наядаар бууруулж, монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан. Тэгвэл өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их.наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. 

Хоёрдугаарт, Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутам эргэж харж хэлэлцдэг болголоо. 

Гуравдугаарт, Энэ жил Оюу толгойгоос ногдол ашиг авна. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж, үр дүн гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.