Мексикт автомашин, мотоциклийн хулгайн асуудал олон жилийн турш шийдэл олоход хүндрэлтэй байсаар иржээ. Харин сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд “Мексик Бэтмен” хэмээн алдаршаад буй нууц этгээд хулгайлагдсан гэх мотоциклуудыг олж, хулгай хийсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг цахилгааны шон зэрэгт хүлж орхин, цагдаагийн байгууллагад “хүлээлгэн өгч” байгаа нь цахим орчинд шуугиан дэгдээгээд байна.
Энэхүү нууц этгээд энэ сарын эхээр Мексикийн Жалиско мужийн Лагос-де-Морено хотод анх гарч иржээ. Түүнээс хойш мотоцикль хулгайлсан гэх хэрэгт буруутгагдсан хэд хэдэн эрэгтэйг цахилгааны шонгуудад хүлсэн байдалтай олсон бөгөөд тэдний хажууд өөрсдийнх нь үйлдсэн гэх гэмт хэргийг тайлбарласан бичиг үлдээсэн байжээ.
Зарим хүний духан дээр испаниар “ratero” буюу “хулгайч” гэж бичиж, нүүрэн дээр нь хүүхэлдэйн киноны мэт сахал, сахлын зураас зурсан байсан аж. Зарим тохиолдолд хажууд нь мотоцикль орхисон байжээ.
Мексикийн “El Informador” сонины мэдээлснээр, Жалиско мужийн албаныхан эдгээр газраас олдсон зарим мотоцикль үнэхээр хулгайн бүртгэлтэй байсныг баталсан байна. Энэ нь “Мексик Бэтмен”-ийг дэмжих хүмүүсийн тоог цахим орчинд нэмэгдүүлж, олон хүн түүнийг зохиомол хот болох Готэмийн алдарт шударга ёсны баатар Бэтментэй зүйрлэн ярьж байгаа аж.
Харин хууль сахиулах байгууллагууд иргэдийг хууль бус аргаар өөрсдөө шийтгэл оногдуулахыг зөвтгөж болохгүй хэмээн анхааруулж, сэжигтнийг баривчлах, мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн хууль хяналтын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд явагдах ёстойг онцолжээ.
ВИДЕО: