Сингапурын “Phillip Capital” хөрөнгө удирдлагын компани Монголд салбараа нээх хүсэлтээ өглөө

Сингапурын “Phillip Capital” хөрөнгө удирдлагын компани Монголд салбараа нээх хүсэлтээ өглөө

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байна. Ерөнхий сайд Н.Учрал танилцуулахдаа эдийн засгийн чөлөөт бүсүүдээс гадна чухал ашигт малтмалын чиглэлээр Монголд хөрөнгө оруулахын давуу талыг онцоллоо.

Мөн Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын “Ногоон чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулах үеэрээ “Монгол Улсад дата төв байгуулахад сэрүүн цаг агаартай учраас хөргүүрийн зардал бусад улсаас 40 хувь хямд байгааг тогтоосон юм. Түүнчлэн нарны хавтан, салхин турбин, дата төвийн тоног төхөөрөмж зэрэг ногоон эрчим хүчний технологид 100 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдээлэв. Хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнээс онцолбол дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Сингапурын “Phillip Capital” Монголд оффисоо нээхээр болсон байна.

Мөн Монголын Хөрөнгийн биржтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаараа “Phillip Capital”-ийн 1.5 сая гаруй харилцагчид хил дамнасан арилжаа явуулах боломж бүрдэж байна. Үүнээс гадна хуралдааны үеэр Унгарын OTP банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.