ТЕГ: Ш.Амгаланг гадаадын тагнуултай хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан

ТЕГ: Ш.Амгаланг гадаадын тагнуултай хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг энэ сарын 03-ны өдөр гэр бүлийн хамтаар салхинд гарахаар явж байх үед нь Тагнуулын ерөнхий газраас баривчилж өдгөө Хорих 461 дүгээр хориод буй хэрэг олны анхаарлыг татаад буй.

Ш.Амгалан хурандааг жиргээнд идэвхтэй байр, сууриа илэрхийлдэг тэр дундаа Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг шүүмжилдэг учраас баривчилсан байх магадлалтай гэх мэдээллийг гэр бүлийнхнийх нь зүгээс өгсөн.

Тэгвэл уг хэргийн талаар Тагнуулын Ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү тайлбар өглөө. Тэрбээр “Жиргээнд идэвхтэй байдагтай холбогдуулан баривчлаагүй. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх асуудал шүү дээ. Эрүүгийн хуулийн 19.4-т заасны дагуу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулаад Монгол улсын нэр бүхий иргэдийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой иргэдийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн хорих асуудлаар зөвшөөрөл авахаар прокурор, шүүхэд саналаа хүргүүлсэн. Заримыг нь үргэлжлүүлэн шалгана. Нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үргэлжлүүлэн шалгаж байна. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баривчилагаа явуулсан. Хэрэг үүсгээд яллагдагчаар татах, цагдан хорих хүсэлтийг прокурор, шүүх рүү тавьсан. Шат дараатай явагдах байх” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө