НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. Тэгвэл А.Баяр хэвлэлд энэ асуудлаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Залуу хүний хувьд ажил албан тушаалтай зууралдаад байх сонирхол алга. Гэхдээ хулгайч нарт бол тамгаа өгөхгүй. Т.Даваадалай найздаа хандаж хэлэхэд "Ажлаа өгч шалгуулъя гэдэг үгээ Х.Нямбаатартаа хэл". Яагаад гэвэл Т.Даваадалайгийн хөшигний ард шулуухан хэлэхэд Х.Нямбаатар байгаа. Энэ хүн 2023 онд ногоон автобусны хэргийн үед хуулийн хулгайг арилгах гэж ирсэн. Гэтэл хоёр жилийн дотор хулгай бүр дэлгэрсэн байгаа юм. Нэг эзэнтэй хоёр компани 60 тэрбум төгрөгөөр 38 удаагийн тендер авсан байна. Энэ олон мега төслүүдээс алба хаагч нар 1 тэрбум төгрөг авсан гэсэн мэдээлэл гарч байна. Нэг тэрбум төгрөг гэдэг чинь нэг айлын гурван үеэрээ идэх мөнгө шүү дээ. Ийм хэмжээний хулгай Улаанбаатар хотод дэлгэрчихээд байхад энэ хүн ажлаа өгч, шалгуулах хэрэгтэй. Миний хувьд мега төслийг дэмжсээр ирсэн. Одоо ч дэмжиж байгаа. Гэхдээ мега хулгайг дэмжих ёсгүй. Туул голыг ширгээж болохгүй. Мөн Монгол Улс нэгдмэл улс учраас Ерөнхий сайд шийдвэр гаргасан бол бид дагаж мөрдөх ёстой. Х.Нямбаатар ард түмнийхээ эсрэг жагсаж болдог л юм байгаа биз. НИТХ бол ард түмнийхээ эсрэг дуу хоолойгоо өргөж болохгүй. Төсөл дээр яригдаж байгаа бүх эргэлзээг арилгасны дараа явуулах үгүйгээ шийдэх хэрэгтэй хэмээлээ.