Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуулийн хамгийн том өөрчлөлт нь АМНАТ-ын хуваарилалтыг аймаг, сумдад нь олгодог болно

Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуулийн хамгийн том өөрчлөлт нь АМНАТ-ын хуваарилалтыг аймаг, сумдад нь олгодог болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр "Олон жил хүлээгдэж, яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Энэ хуулийн хамгийн том өөрчлөлт нь АМНАТ-ын хуваарилалтыг аймаг, сумд нь олгодог болно. Шударгаар хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймагт давуу тал олгодог болно. Уул уурхайн төсөлтэй хамтарч ажиллаж байгаа сум орон нутгууд АМНАТ-ын илүү хуваарилалт авдаг болно гэсэн үг. Одоогийн байдлаар 10 хувийг хуваарилж байгаа бол шинэчилсэн найруулгаар 15 хувийг олгоно. Зөвхөн аймагт нь өгдөг байсан бол одоо таван үзүүлэлтээр үнэлж, суманд нь ч бас олгодог болно. Энэ бол Канад, Австрали зэрэг улсуудын шилдэг жишээ.  Түүнчлэн Хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр сонголтоор олгодог болно. Одоогоор тендерийн сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгож байгаа. Хууль батлагдвал үүнээс гадна гэрээний үндсэн дээр авч болдог болно. Газрын хэвлий, хөрс, геологийн эрэл судалгааг ямар ч улсын төр нь гүйцэтгэх ёстой байдаг. Иймд энэ ажлыг төртэй гэрээ байгуулаад хийсэн компани судалгаа хийсэн газрынхаа тодорхой хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр авч болдог зохицуулалт гэсэн үг.  Мөн хугацааг нь эрс багасгаж, төлбөрийг нь эрс нэмэгдүүлж байна. Лицензийн наймаа, худалдаатай холбоотой асуудал байхгүй болгох зорилготой. Цаашид мэргэжлийн компаниуд хайгуулаа хийгээд авч явдаг зохицуулалт руу орж байгаа гэсэн үг.  Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг тодорхой тусгаж байна. Журмаар явагдаж байгаа нөхөн сэргээлтийг асуудлыг хуульчилж байна. Тухайн уул уурхайн төслийг эхлээд үйл ажиллагаа нь 75 хувьд хүрэхэд хаалтын үйл ажиллагааны зардлыг урьдчилж авдаг болно" гэсэн мэдээлэл өглөө.