Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Татварын хуулийн шинэчилсэн найруулгыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Тэрбээр “Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох, мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар/ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг. Энэ хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнд үзүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг бол 792 мянган төгрөгийг хөнгөлнө, түүнээс дээших орлогодоо ХАОАТ төлөх зохицуулалт оруулж байна. Жилдээ нэг иргэн 950 мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авна. Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлдөг байсан. Үүний таазыг нэг тэрбум болгож байгаа. Нэг тэрбум төгрөг дотор худалдаа бизнес эрхэлж орлого олсон байх юм бол хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлнө. Нэг тэрбум төгрөгөөс дээш орлого олох юм бол татварын өмнө ашгаа тооцоод 10 хувиар татвар төлнө. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар иргэд сөргөөр нөлөөлдөг. Орон сууцыг өмчлөөд зарах бол хуулийн төсөлд 3-5 жил гэж тусгасан. Тэгэхээр орон сууцыг өмчлөөд цааш нь зарсан тохиолдолд 2 хувийн татвар тооцохгүй байхаар хуулийн төсөлд заасан. ААН-үүдийн татвар дээр 6 тэрбум төгрөгөөс доош ашигтай байх юм бол 10 хувийн татвар, 6 тэрбумаас дээш бол 25 хувийн орлогын албан татвар авдаг. Энэ хоёрын хооронд 15 хувийн савлагаа байна гэж үзээд 6 тэрбум хүртэл орлогод 10 хувь, 6-10 тэрбумын хооронд 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулж өгч байгаа. 10 тэрбумаас дээш гарах юм бол өмнө мөрдөж байсан 25 хувь гэдэг дундын зохицуулалт оруулж өгсөн. Нийтдээ 600 гаруй ААН хамрагдана. 15 хувиар татвар төлөхөд 10-16 тэрбумаар татварын ачааллыг бууруулж өгнө. Жижиг дунд аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай байх юм бол 1 хувийн татвар төлдөг, энэ босгыг 2.5 тэрбум төгрөг болгоно. Нийтдээ 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулж өгнө. НӨАТ суутган төлөгчийн босго одоогийн зохицуулалтаар 50 сая төгрөг байгаа. 50 сая төгрөгөөс дээш гарах юм бол НӨАТ -ын суутган тооцогчоор бүртгүүлдэг. 23 мянган аж ахуй нэгжийг энэ хөнгөлөлтөд хамруулах зорилгоор НӨАТ ын суутган тооцох босгыг 400 сая төгрөг болгож байгаа. Жижиг, дунд бизнес эрхлэгч нар 400 сая хүртэл төгрөгөөс доош орлоготой байх юм бол НӨАТ төлөхгүй гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.