А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжсэн байна. Тэгвэл НИТХ-ын дарга асан А.Баяр уг шийдвэрийг хууль бус хэмээн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэгдүгээрт, миний бие яагаад НИТХ-ыг хуралдуулахгүй байсан шалтгаанаа тайлбарлая. Надад Туулын хурдны замтай холбоотой олон шахалт ирсэн. Туулын хурдны замыг дэмжиж, хэлэлцүүлж тогтоол гарга болон тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэж шаардсан. Ийм боломж байхгүй шүү дээ. Өнөөдөр иргэд уг бүтээн байгуулалт байгальд сөрөг нөлөөтэй юу зэрэг олон зүйлийг мэдэхийг хүсэж байна. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг бол НИТХ бол иргэдийнхээ талд байх ёстой гэдэг зарчим дээр зогссон. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл явган хүний зам байдаг. Энд автозам тавих ёсгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө хүч түрэн, хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Энэ хуралдаан бол хууль бус гэдгийг тодотгоё. Гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэдгийг мөн хэлье.  НИТХ хэвлэл мэдээллийн байгууллагуудад 13.2 тэрбум хэвлэлд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ бол өрөөсгөл мэдээлэл тараасан. Цагдаа, хууль, шүүх зэрэг 33 байгууллагад олгосон санхүүжилтийг өөрөөр мэдээлсэн. Хууль зүйн сайд байсан хүн ийм мэдээлэл хийж байна. Өнөөдөр миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Тус ажлын хэсэг нь нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн бүх мөнгөн дүн, шалгарсан компани зэргийг иргэдэд нээлттэй болгох зорилготой юм. Улмаар холбогдох байгууллагуудад дүгнэлт хүргэнэ. Нялуунаас шулуун нь дээр. Монгол улс хэдэн хэрүүлч нөхдийн бай боллоо. Тэр ийм юм хулгайлсан гэж нэгнээ гүтгэн харлуулдаг, хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулгатай болчихлоо. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэлээ.