НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, хурлын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргалаа. Хуралдаанд 31 төлөөлөгч оролцож, 29 төлөөлөгч огцруулах тухай шийдвэрийг дэмжсэн байна. Улмаар дараагийн НИТХ-ын даргад төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Улс төрийн зөвлөлд танилцуулахаар болжээ.
Тэгвэл НИТХ-ын даргад яригдаж буй Д.Ихбаяр гэж хэн болох нь олон нийтийн анхаарлын төвд байна. Түүний хувьд:
- 2008–2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн
- 2009–2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Н.Учралтай ойрын хүн бөгөөд улс төрийн хувьд нэг баг гэгддэг. Мөн түүний багийн найз гэж ч яригддаг юм.
Улмаар 2013 оноос улс төрийн замналаа эхлүүлж,
- 2013–2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга,
- 2014–2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Түүний улс төрийн гараанд Баянгол дүүргээс сонгогдсон, АН-ын дарга асан С.Эрдэнэ нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн гараа Ардчилсан намаас эхлэлтэй.
Харин хожим анхны ажлын хамтрагч, багийн найз Н.Учралтай нэгдэж, МАН-д элссэн байна. Улмаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын чиглэлд зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Түүний улс төрийн карьераас гадна олон нийтийн анхааралд орсон нэг үйл явдал нь 2021–2022 онд нийслэлийн ЗДТГ-ын Агаар, орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа “Иргэд үнэ хямд учраас сайжруулсан түлш их түлж байна” гэж хэлсэнтэй холбоотойгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан явдал юм. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдож, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.