Монгол Улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжавыг “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медалиар шагнажээ

Монгол Улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжавыг “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медалиар шагнажээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжавыг “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медалиар шагнажээ. 

Тодруулбал, Монгол, Вьетнамын харилцаанд сүүлийн жилүүдэд олон чухал ахиц дэвшил гарсан бөгөөд хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах, иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулах, ард түмэн хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх үйл хэрэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Жигжээгийн Сэрээжав үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Түүний энэхүү үйл хэргийг өндрөөр үнэлж, Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Фан Ань Сөн Элчин сайд Ж.Сэрээжавыг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Ханой хотноо урьж, уулзан нутаг буцахаас нь өмнө “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медалиар шагнахаар шийдвэрлэснийг мэдэгдэж, уг медалийг зүүж өгсөн байна. 

Энэ үеэр Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Фан Ань Сөн "Элчин сайд Ж.Сэрээжав нь 2021 оны аравдугаар сараас хойш Вьетнам улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, ард иргэд хоорондын солилцоо зэрэг олон салбарт идэвхтэй дэмжин, хөгжүүлж ирсэн. Ялангуяа иргэд хоорондын ойлголцол, нөхөрлөл, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд түүний оролцоо, үүрэг онцгой байсан" гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Жигжээгийн Сэрээжав нь Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж, Монголын уран зохиолын сонгомол бүтээлийг нэг “Тунгалаг Тамир” романыг Вьетнам хэлнээ хэвлүүлж, Монголын ахмад дипломатчдын холбооны удирдлагыг Вьетнам улсад айлчлуулж, хоёр орны ард түмний хооронд тогтсон найрcаг хамтын ажиллагааг баяжуулжээ.