Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) ээлжит бусаар хуралдаж, даргаа огцруулах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Өчигдөр 18:00 цагийн орчимд болсон хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг албан тушаалаас нь огцруулсан бөгөөд хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 29 нь уг саналыг дэмжсэнээр огцруулах шийдвэр албажсан байна. Түүнийг сүүлийн хоёр сарын хугацаанд хурлыг зарлаагүй, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр огцруулах саналыг нийт 28 төлөөлөгч гарын үсэг зурж дэмжжээ. Түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, намын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон юм. Тэгвэл А.Баяр уг шийдвэрийг хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж, өнөөдөр 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.