Иргэнд олгосон хоол, унаа зэрэг нэмэгдэл орлогоос НДШ авахыг болиулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн тов тодорхойгүй хэвээр байна

Иргэнд олгосон хоол, унаа зэрэг нэмэгдэл орлогоос НДШ авахыг болиулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн тов тодорхойгүй хэвээр байна

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн татварын дарамтад орсон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон орлогын бодит үнэ цэнийг хамгаалахыг хүссэн иргэдийн хүлээлт нэг зүйл дээр төвлөрч байв. Тэр нь татвар болон нийгмийн даатгалын тогтолцоонд бодит өөрчлөлт орох эсэх байлаа.

Тодруулбал,  Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Татварын багц хууль"-ийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 45 гишүүн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өргөн барьсан "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд “амьсгал авах” боломж олгох болов уу гэсэн хүлээлтийг бий болгосон. 

Гэвч бодит байдал эсрэгээр эргэв. Чуулган эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд парламент эдийн засагт шууд нөлөө үзүүлэх дорвитой шийдвэр гаргасангүй. Харин улс төрийн маргаан, намын дотоод зөрчил давамгайлж, төрийн өндөр албан тушаалын өөрчлөлтөөр үргэлжиллээ. Энэ дунд олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал нь Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон даруй гаргасан эхний шийдвэр нь Татварын багц хуулийн төслийг буцаан татсан нь явдал байлаа. Тэгвэл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй, хойшлуулсаар байгаа нэг хуулийн төсөл бол "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. 

Уг хуулийн төсөлд хоёр үндсэн шинэ зохицуулалт оруулахаар тусгажээ.

Тухайлбал, 

"НДШ ТООЦОХ САРЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ ДЭЭД ХЭМЖЭЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦҮҮ БАЙХААР ХЯЗГААРЛАНА"

Хуулийн төслийн 19.5-д "ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна" гэж нэмж оруулахаар тусгасан. Энэ нь өндөр орлоготой ажилтанд ногдох шимтгэлийг хязгаарлаж, хэт өндөр татварын ачаалал үүсэхээс сэргийлэх зохицуулалт юм. Өдгөө өндөр цалинтай болох тусам аж ахуйн нэгж 12.5 хувь, иргэн хоёр 11.5 гээд 24 хувийн нийгмийн даатгалын татвар төлдөг билээ. 

Мөн хуулийн төслийн 24.1.7-д "Ажил олгогч хөдөлмөрийн хууль зөрчсөн нь шүүх болон эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцно"гэж тусгаад байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн маргаан их гардаг манай улсад хөдөлмөрийн зөрчил нь албан ёсоор тогтоогдсон бол заавал хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг тодорхой болгож байна.

"ХООЛ, УНАА ЗЭРЭГ МӨНГӨН ХЭЛБЭРИЙН НЭМЭГДЭЛ ЗЭРГЭЭС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ АВАХЫГ БОЛИУЛНА"

Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тооцох орлогын зарим хэсгийг хасахаар тусгажээ.

Үүнд:

  • ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлого
  • хоол, унаа
  • орон сууцны ашиглалтын төлбөр
  • түлш, түлээ, нүүрсний хөнгөлөлт
  • бусад мөнгөн хэлбэрийн нэмэгдэл

Өөрөөр хэлбэл, ажилтанд олгодог тодорхой нэмэгдлийг дахин “цалин” гэж тооцож давхар шимтгэл ногдуулдаг байдлыг багасгах зорилготой. Жишээ нь, иргэн Доржийн томилолтоор явах хоол, унааны зардал зориулан байгууллагаас олгосон мөнгөнөөс татвар авахгүй гэсэн үг. Хууль санаачлагч нар ч өнөөгийн тогтолцоонд ажил олгогч, ажилтан аль аль нь өндөр шимтгэл төлж байгаа ч бодит өгөөж, ойлгомжтой байдал сул байгаа нь орлогоо нуух, албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх шалтгаан болж байна хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Сануулахад, Өнгөрсөн оны байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа болон идэвхгүй аж ахуйн нэгжийн тоо 140 мянга давсан гэх тоо бий. Энэ нь бизнесийн орчинд хүндрэл бодитоор хуримтлагдсаныг илтгэнэ. Мөн инфляц, хэрэглээний үнийн өсөлт, гадаад зах зээлийн савлагаа, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс жижиг, дунд бизнесүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа Хэрэв бодлогын тодорхойгүй байдал үргэлжилбэл аж ахуйн нэгж хаалгаа барих үзэгдэл нэмэгдэх эрсдэлтэй гэж эдийн засагчид анхааруулж байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө