Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хурлаа хийлээ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийслэлийн МАН-ын хорооны хурал 70 гаруй хувийн ирцтэй болсон. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан, илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаарт, санхүүжилтийн төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцлээ. Гуравдугаарт, зохион байгуулалттай холбоотой асуудал хэлэлцлээ. Энэ хүрээнд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс Н.Учрал даргыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонголоо. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Н.Баярмөнх, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш нарыг дэд даргаар сонголоо. Манай намын хорооны хоёр гишүүн бурхан болсон, хэд хэдэн гишүүн төрийн албанд орсон. Мөн найман улирал дараалж намын хорооны хураамжаа төлөөгүй 18 хүн байсан. Эдгээр хүмүүсийг чөлөөлж оронд нь гишүүдээ сонгосон " гэв.