С.Цэнгүүн: "Туулын хурдны зам" төсөл зогссон ч урьдчилгаа 500 гаруй тэрбумыг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн чухал асуудал

С.Цэнгүүн: "Туулын хурдны зам" төсөл зогссон ч урьдчилгаа 500 гаруй тэрбумыг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн чухал асуудал

Ардчилсан намын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн  "Туулын хурдны зам" төсөлтэй холбоотой сүүлийн үеийн үйл явдлууд болон Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар Ардчилсан намын байр суурь баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 

Тэрбээр “Энэ хаврын Улаанбаатар хотод үүсээд буй хамгийн том, ээдрээтэй асуудал бол "Туулын хурдны зам" төсөлтэй холбоотой асуудал юм. Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал уг төслийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Олон иргэн, мөн Ардчилсан намын зүгээс уг төслийг бүр мөсөн зогсоох шаардлагыг тавьж байсан. Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилготой энэ төсөл 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй болж нэмэгдсэн. Гэвч ТЭЗҮ нь тодорхойгүй, байгаль орчин болон эдийн засгийн үндэслэл нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байна. Мөн газар чөлөөлөлт, шилжүүлэгтэй холбоотойгоор төслийн трассыг 13 удаа өөрчилсөн зэрэг олон тодорхойгүй асуудал гарсан.

Үүний хамгийн ноцтой нь сонгон шалгаруулалтын явц юм. 2025 оны дөрөвдүгээр сард тендер зарласан ч удаа дараа хойшилж, наймдугаар сард компани шалгарсан. Гэвч олон нийтийн хэлэлцүүлэг хийгдээгүй, ямар шалгуураар тухайн компани шалгарсан нь ил тод биш хэвээр байхад бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ажил эхэлсний дараа иргэд ч тууштай эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн. Одоогийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа ч ямар гэрээгээр, хэнд, ямар данс руу шилжсэн нь тодорхойгүй байна. Төсөл зогссон тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн чухал асуудал юм. Бидний зүгээс зөвхөн нэг захиргааны албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх бус, шилжүүлсэн мөнгийг буцаан татан төвлөрүүлэх, мөн хариуцлагагүй шийдвэр гаргасан бүх этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, төслийг зогсоолоо гээд мартах биш, зарцуулсан төсвийн хөрөнгийг нягталж, хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна" хэмээн ярилаа.