Нийслэлийн МАН-ын хороо маргааш /2026.04.23/ Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагт хуралдах бөгөөд тус хурлыг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар зарласан байна. Учир нь сүүлийн үед Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах шаардлага иргэдийн дунд нэмэгдэж, түүний улс төрийн байр суурь суларч эхэлсэн юм.
Ийм нөхцөлд тэрбээр хотын даргын албан тушаалаасаа буусан ч Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудалдаа үлдэхээр улс төрийн нүүдэл хийж эхэлсэн байж магадгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар маргаашийн хурлаар намын хорооны зарим гишүүдийг өөрчлөхөөр төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны даргыг огцруулах эсэхийг тус хорооны гишүүдийн олонхын саналаар шийддэг. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны орон гарсан гишүүдийг өөрчилж, тэдний оронд өөр хүмүүсийг оруулах байдлаар намын даргын байр сууриа хамгаалах алхам гэж харж болохоор байна.
Энэ талаар зарим эх сурвалжууд, "тус хурлаар 300 орчим намын хорооны гишүүдээс 40-ийг нь чөлөөлж өөрийн хүмүүсээ томилохоор шуурхайлсан. Чөлөөлж томилох асуудлыг бусдаас нууж өөрийн туслах асан, Нийслэлийн МАН-ын ХЭГ-ын дарга М.Цэнд-Аюушаар бэлтгүүлж байгаа" гэсэн юм.
Мөн энэ хурлаар “Туулын хурдны зам”-ын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Засгийн газраас уг төслийг түр зогсоож, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж дуусах хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан нь нийслэлийн удирдлагад шууд нөлөөлж байна гэх дүр зураг харагдаж байна.