Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд, албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Туулын хурдны замын төслийг зогсоосон болон Төрийн албыг тайлангаас чөлөөлсөнтэй холбогдуулан ЗГХЭГ Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр "Туулын хурдны замтай холбоотойгоор Засгийн газарт иргэд, олон нийтийн байгууллааас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэдийн дунд үүсээд байгаа бухимдал, эргэлзээг арилгах хүртэл зогсоолоо. Ерөнхий сайд, Засгийн газарт 300 гаруй хүсэлт гомдол ирсэн. Тус төсөлтэй нэр холбогдсон албан тушаалтнуудын асуудлыг хууль хяналтын байгууллага шийдвэрлэж дуустал Туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа. Төрийн албан хаагчдад хиймэл ачаалал үүсгэж байгаа тайлангуудаас чөлөөлж үндсэн ажлын цагийг иргэдэд үйлчлэх боломж олгох шийдвэрүүдийг шат дараатай гаргаж байгаа. Өнөөдөр жилд 7 удаа тайлагнадаг байсан хөгжлийн бодлогын бичиг баримтыг 2 болгон цөөрүүллээ. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтыг жилд үнэлдэг байсныг 5 жилд нэг удаа, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг жилд нэг удаа, аймаг нийслэлийг хөгжүүлэх үндэслэл чиглэлийг таван жилд нэг удаа үнэлэх шийдвэр гаргасан" гэв.