Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.

“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд А.А.Шаккалиев,Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.

“Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов, Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.

“Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.

Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов, “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.