Х.Баттулгын зөвлөх асан Я.Санжмятавыг ИЗНН-д албан ёсоор элссэн гэж мэдэгдэв

Х.Баттулгын зөвлөх асан Я.Санжмятавыг ИЗНН-д албан ёсоор элссэн гэж мэдэгдэв

Завхан аймгийн засаг дарга, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдож, улмаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдын албан тушаал хашиж байсан Я.Санжмятав Иргэний зориг ногоон намд элссэн байна. Мөн тэрээр Х.Баттулгын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. 

Энэ талаар тус намаас "С.Зориг агсны мэндэлсэн энэ өдөр Монголын төр, парламентын өндөр түвшинд олон жил ажилласан туршлагатай улстөрч Я.Санжмятав Иргэний зориг ногоон намыг сонгон, албан ёсоор элслээ.

Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга зэрэг төрийн бодлогын бүх шатанд ажилласан арвин туршлагатай лидер юм. Ийнхүү ардчилал, шударга ёс, ногоон хөгжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг улс төрийн хүчин болох Иргэний зориг ногоон намыг сонгон нэгдэж буй нь түүний улс төрийн дараагийн шатны бодлогын сонголт төдийгүй Монголын ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна" гэсэн мэдээллийг нийтэлжээ