УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Монголд өнөөдрийн байдлаар 6 000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байна. Тэд хүнээ хөгжүүлэх, чадавхжуулах ажлаа онол, аргазүйн хувьд хийж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа. Тиймээс нийгмийн ажил, мэргэжлийн холбоо байгуулна. Олон улсад энэ холбоо сургалт, лиценз, мэргэшүүлэх асуудлыг хариуцдагыг бид Монголд бий болгохоор ажиллаж байна. Өөртөө туслах бүлэг, бие биетэйгээ ярилцаж дэмжих бүлэг, спортын зэрэг сонирхлын бүлгээр идэвхтэй насжилтыг дэмжье гэдэгт дэлхийн олон улс, орон анхаарч байна. Хүмүүс нийгмийн ажлыг халамж гэж хараад байгаа нь хамгийн том алдаа. Дахин хүндрэл гарахаас сэргийлж, нөгөө талдаа хүний эрхийн мэдрэмжтэйгээр ажилладаг ажил юм.
ЕБС-уудад үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал сүүлийн үед нэлээдгүй гарч байна. Дээрэлхэлт, гэмт хэрэг зэрэгт нийгмийн ажилтан, хамтарсан баг ажилладаг. Тэр хүүхэд дахиад дээрэлхүүлсэн үү, эцэг эхтэй нь ажилласан уу, гэмтлийн зэргийг тогтоосон уу зэрэг асуудлыг ярих залгамж холбоо дутагдаад байна. Үүнийг дэлхийн улс орнуудад нийгмийн ажилтны үйлчилгээгээр зохицуулж байгаа.
Хүн осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол байдаг. Хэрэв зөв сэргээн засалт байвал тэр хүн ажил хийж, гэр бүлээ аваад явдаг. Тэтгэвэрт гарсны дараа ч хүнд хийх ажил олон бий. Гэтэл өнөөдөр Монголд ахмадуудад чиглэсэн үйлчилгээ гэвэл бүжиг эсвэл сувилалд явах л байна. Нийгмийн ажлын үйлчилгээгээр буюу өөртөө туслах бүлэг, бие биетэйгээ ярилцдаг дэмжих бүлэг, спортын зэрэг сонирхлын бүлгээр идэвхтэй насжилтыг дэмжье гэдэгт дэлхийн олон улс, орон анхаарч байна. Манай улсад нийгмийн ажлын үйлчилгээ төрөлжсөн агуулгаараа хууль эрхзүйн болоод үйлчилгээний хувьд ч бий болоогүй байна. Тиймээс арга зүй, стандарттай болгон цэгцэлж өгснөөр нийгмийн халамжийн, хөгжлийн үйлчилгээг үзүүлэхэд үр нөлөөтэй хуулийн төсөл юм” хэмээн ярилаа.