Улсын Их Хуралд суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгүүд болон ХҮН намын зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товлоод байна.
Хэлэлцэх асуудлуудыг албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл гол сэдэв болох магадлалтай байна.
Сануулахад, өнгөрсөн баасан гарагт уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан Нам-ын бүлэг завсарлага авч, хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм. Иймээс өнөөдрийн бүлгийн хуралдаануудаар уг асуудалд нэгдсэн байр суурь боловсруулах, цаашдын хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлд анхаарах хүлээлттэй байна.