ТОДРУУЛГА: Хаван буугаагүй бие тааруу байна

ТОДРУУЛГА: Хаван буугаагүй бие тааруу байна

Машинтай жагсагч Б.Цэгмид өчигдөр /2020.04.27/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн.

Нутгийн захиргааны байгууллагад үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан үйлдэлтэй нь холбоотойгоор цагдаагийн байгууллага тайлбар авахаар авч явсан ч тэрбээр шаардлага хүлээж авалгүй эсэргүүцэж зүй бус авир гаргасан гэж буй. Тодруулбал, цагдаа нарын машин доогуур орж хэвтсэн зэрэг үйлдэл гаргасан юм. 

Удалгүй тэрбээр өөрийг нь цагдаа нар зодсон, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийг өгөх болсон.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү түүний мэдэгдлийг няцааж "Өмнөговь аймгийн Цагдаагийн газартай холбогдсон, уг асуудлаар. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Иргэн Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж өөрөө хэлсэн нь бичлэгт байгаа. Хамт явж байсан хүмүүс нь гэрчилнэ. Тухайн иргэн өлсч байна гээд хоол авч идсэн. Үүнийхээ дараа бие нь эвгүйтэж эмчийн тусламж авсан. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж, хэвтэх үү гэж өөрөөс нь асуухад зүгээр ээ, хэвтэхгүй гээд гараад явсан. Болсон бүх процессыг нотлох камерын бичлэгүүд байгаа. Хэрэгтэй бол бичлэгийг тавьж болно" гэлээ.

Тэгвэл Б.Цэгмид нь өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн байна. Түүнтэй холбогдож биеийн байдлыг нь тодруулахад "Миний бие тааруу байна. Хаван буугаагүй. Эмнэлэгт эмчилгээтэй байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.