Нийслэлийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр (2026.04.16) болж, намын нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор АН-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир "Миний хувьд нийслэлийн намын даргад нэр дэвшихдээ дэлхийн хот гэдэг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Учир нь дэлхийн томоохон хотуудын дарга нар иргэдийнхээ төлөө ажиллаж, эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд бүтээн байгуулалтуудаа хийдэг. Гэтэл манайх дарга нарт зориулж ажил хийж байна. Манай хот дарга нарын авлигын хот болжээ. Уул уурхайн мөнгөө төсөвт төвлөрүүлээд, авлигын компаниуд нь баяждаг даргын хот болсон байна. Эрүүл мэндийн салбарын төсөв гадагшаа маш их урсаж байна. Тодруулбал, өнгөрсөн жил гэхэд зөвхөн Хөх хот руу явж эмчлүүлсэн иргэд 100 сая ам.доллар зарцуулсан байна. Тэгэхээр бид хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарлаа хандуулах нь чухал. Өнгөрсөн жил автомашины татвар, цахилгааны төлбөр нэмэгдсэн. Тэгсэн хэр нь тогоо хязгаарлуулсан, түгжрэлд хамаг цагаа үрсэн хэвээр байна. Нийслэлийн Ардчилсан намын зүгээс нийслэлийн Туулын хурдны замын асуудалд анхаарлаа хандуулж иргэний нийгмийн байгууллагуудын талд зогсож, дэмжин хамгаалж ажиллана гэдгээ илэрхийлэв. Ерөнхийдөө хийж буй бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн асуудалд бодит нөлөө үзүүлдэг байх ёстой. Туулын хурдны зам эдгээр гурван зүйлийг хангаж чадахгүй байна уу. Энэ түгжрэлийг хэрхэн бууруулах юм. Үүнд шинжлэх ухаанчаар хандсан уу гэдэг дээр анхаарлаа хандуулна" гэв.