С.Баярцогт: Ардчилсан нам дотоод зөрчлөө богино хугацаанд даван гарч, 2028 онд ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллана

С.Баярцогт: Ардчилсан нам дотоод зөрчлөө богино хугацаанд даван гарч, 2028 онд ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллана

Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагийн үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Миний бие Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож тамгаа өчигдөр гардан авлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл намайг энэ албан тушаалд ажиллана уу хэмээн урьсан. Улстөрийн зөвлөлийн гишүүд 72 хувийн саналаар дэмжиж, асуудлыг шийдлээ. Намын даргын зүгээс Улстөрийн зөвлөлийн гишүүдэд хандан “Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг танилцуулж, мэдээлэл хийсэн. Эдгээр асуудлыг Улстөрийн зөвлөлийн хурлаар ярилаа. Манай намын хувьд цаашид дотоод зөрчлөө богино хугацаанд шийдэж, эв нэгдлээ ханган 2028 онд ялалт байгуулахын тулд боловсон хүчний, зохион байгуулалтын, санхүүгийн олон ажил хийх шаардлага үүссэн. О.Цогтгэрэл даргатайгаа нэг баг болж эдгээр ажлыг зохион байгуулж намаа ялалтад хүргэхээр зорьж байгааг хэлье" хэмээн ярилаа.