Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын найман гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг буцаан татаж байгаа талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр ирүүлсэн бичигт, 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан авч буйг мэдэгдсэн юм. Ингэснээр дээрх татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх үйл явц зогсож, Засгийн газраас дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр болж байна.