УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Р.Батболдтой цаг үеийн болон намын дотоод асуудлаар ярилцлаа. Тэрбээр намын санхүүжилтийн зарцуулалт ил тод бус, хяналтгүй байсныг шүүмжилж, дүрмийн шинэчлэл, удирдлагын асуудлыг Улсын Дээд шүүхэд хүргүүлснээ онцлов.
ВИДЕО:
"Б.БАТБААТАР САНХҮҮГИЙН БҮХ ТАЙЛАНГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, СЕХ-НД ХҮРГҮҮЛСЭН"
-Ардчилсан намд нэг хэсэг гарч байсан зовлон өдгөө танай намын зовлон болсон мэт харагдаж байна. Танай намын хоёр даргатай асуудал юу болж байгаа вэ?
-Манай намын асуудал Ардчилсан намын асуудлаас өөр гэж харж байгаа. Ардчилсан нам дотор нэг эрх мэдлийн хүрээнд, албан тушаал, намын даргын хувьд асуудалтай зүйлүүд байсан. Улмаар хоёр намын даргатай болж байсан. Харин манай намд ийм асуудал байхгүй. Манай нам Онц их хурлаа өнгөрсөн сарын 9-нд хийсэн. Хурлыг Удирдах зөвлөл, орон нутаг, анхан шатны намын гишүүдийн шаардлагаар хийсэн. Манай нам "Улс төрийн намын тухай хууль"-д нийцүүлж, 2025 оны 12 сарын 31-ний гэхэд дүрмээ шинэчлэн батлуулсан байх ёстой байсан. Энэ асуудал Улсын Дээд шүүхээс дөрвөн удаа буцаагдсан. Ингээд үргэлжилбэл намыг идэвхгүйд тооцох асуудал үүсэх байсан. Иймд Онц их хурлаа хийсэн. Энэ бол анхан шатны нэгжээс эхлээд шаардсан зүйл. Нөгөө талд төрөөс олгож байгаа санхүүжилтийн асуудал байсан. Энэ мөнгө намын гишүүд, анхан шатны байгууллагуудад зориулагдаж зарцуулагдсангүй. Ийм учраас ерөөсөө намын удирдлага болохгүй байна гэдэг асуудал үүссэн. Бид нар намын дүрмийн өөрчлөлттэй бол Улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд, бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцээд явуулъя гэсэн. Ийм учир Ардчилсан намтай ижил ойлгож болохгүй.

-Намын гишүүд даргаа солих болсон шалтгааныг тодруулъя. Танд энэ асуудалд ярих баримт бий юу?
-Нэгдүгээрт, шинэ хуулиар улс төрийн намуудад төсвөөс мөнгө хуваарилж өгч байгаа. 2025 оны 5 дугаар сард намын дансанд 455 сая төгрөг орсон байдаг. Улс төрийн намын тухай хуулиараа үүнийг хэрхэн захиран зарцуулах зориулалтуудыг бичээд өгчихсөн байгаа. Гэтэл энэ зориулалтаар зарцуулаагүй. Энийг анхан шатныхан бүгдээрээ хэлнэ. Хоёрдугаарт, гишүүдийн татварын зарцуулалт огт хяналтгүй, мэдээлэлгүй, бүгд хаалттай түвшинд яваад байсан. Тийм учраас жирийн гишүүд маань өөрсдөө гайхаад байна. Улмаар манай намын гаргаж өгсөн санхүүгийн тайланг Улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлээд СЕХ-нд өгчихсөн байсан. Улс төрийн зөвлөл хуралдаа хэзээ хуралдсаныг мэдээгүй байхад тайлан гарчихсан гэсэн үг. Миний бие Улс төрийн зөвлөлийн гишүүн. Манай намын дэд дарга нар ч мэдээгүй байна. Гэтэл тэр санхүүгийн бүх тайланг Улс төрийн зөвлөлөөр хэлэлцээд өгсөн гэж яриад байж байна. Энэ бол хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн үг.
"МИНИЙ АРД ХЭН Ч БАЙХГҮЙ, МАНАЙ НАМЫН ГИШҮҮД БАЙГАА"
-Намын дарга гээд нөгөө талд буй Б.Батбаатар таны цаана хүн байгаа гэж хэлсэн. Таны ард ямар хүн байгаа вэ?
-Тийм. Байнга тэгж яриад байгаа. Би гурван удаа яг энэ яриаг сонссон. "Ард нь нэг захиалагч байгаа, нэг хүний жүжгийн жүжигчин болчихсон" гэж ярьдаг. Манай намын гишүүд мэдэж байгаа гэж хэлээд байгаа. Энэ асуудлаар шүүхэд хандах гэж байсан ч түр азнаад байна. Энэ мэт үргэлжилбэл шүүхийн байгууллагад хандана. Би ч бас яриад байгаа захиалагчийг нь өөрөө олоод авчихмаар байна. Хэрвээ миний ард ингэж зогсмоор байгаа хүн байвал би тэрийг мэдээд авчихмаар байна. Тэгэхээр миний ард хэн ч байхгүй. Харин манай намын гишүүд байгаа.
-Та өөрийгөө болон намын дүрмээ бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан гэсэн. Хэзээ хандсан бэ?
-Бид нар энэ сарын 9-нд Улсын Дээд шүүхэд онц их хурлын хурлаас гарсан тогтоол, намын дүрмийн өөрчлөлт, намын удирдлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тогтоолуудаа холбогдох материалуудын хамт өгчихсөн байгаа.
-Энэ асуудал энэ мэт үргэлжилсээр байх уу?
-Би бол Онц их хурлаар бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга. Б.Батбаатар гэдэг хүн намын тамга, гэрчилгээ барьж явж байгаа. Дээд шүүхэд материалаа өгсөн. Улсын Дээд шүүх бүртгэж аваад шийдвэр гарсны дараа тамга тэмдгийн асуудлыг ярина. Өнөөдөр би дарга, тамгатай байх ёстой, гэрчилгээгээ авах ёстой гэсэн зүйл ярих шаардлагагүй гэж харж байна.
"Б.БАТБААТАР УЛС ТӨР ХАТУУ ГЭДГИЙГ ХАРУУЛНА, НЭРИЙГ ЧИНЬ ТАТУУЛНА ГЭСЭН"
-Та нөгөө намын даргатайгаа "Онц их хурал"-аас хойш уулзсан уу?
-Уулзаагүй. Нөгөө талын хүн уулзъя гэж бодохгүй байна. Хальт тааралдсан. "Улс төр хатуу гэдгийг харуулна. Чамайг татна, нэрийг чинь татуулна" гэсэн асуудал ярьж байгаа. Хүмүүс шиг хоорондоо ойлголцох боломжгүй байгаа.

-Хэрэв Улсын Дээд шүүх бүртгэхгүй бол яах вэ?
-Тэгвэл бүртгэлтэй тал нь даргаа хийгээд явна. Бид намыг, намын гишүүдийг хоёр хуваах зорилгогүй. Намыг яаж хөгжүүлэх вэ, бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ, төсвийн мөнгийг яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдэгт анхаарч байна.
"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ Х.БУЛГАНТУЯА, П.САЙНЗОРИГ НАРЫН ДЭМЖЛЭГГҮЙ УНАВ"
-Цаг үеийн асуудал болох Туулын хурдны замын асуудал дээр таны байр суурь?
-Иргэний Зориг Ногоон намын хувьд байгаль орчны асуудлыг маш их хөндөж ярих ёстой. Миний хувьд Төсвийн байнгын хороонд харьяалагдаж ажилладаг УИХ-ын гишүүний хувьд өртөг, зардалтай холбоотой асуудлыг шалгах хүсэлт гаргасан. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулъя гэсэн. Төсвийн байнгын хороон дээр уначихлаа. Гол татгалзсан хоёр гишүүн Х.Булгантуяа, П.Сайнзориг. Би төсвийг нь үзье гэж байгаа болохоос биш үр ашиг, байгаль орчин ярьсангүй. Гэтэл бүх зүйлийг улс төржүүлж байна.
"НИЙСЛЭЛИЙНХЭН МӨНГӨ ИДЭХ ГЭЖ Л ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗҮТГҮҮЛЖ БАЙНА"
-Нийслэлийн тайлбарын тухайд?
-Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг сонссон. Нийслэл хариулт өгч чадахгүй байна. Байгаль орчны үнэлгээ дутуу, өртгийн тооцоо дутуу, харьцуулсан судалгаа байхгүй. Өмнөд хөршид өөр өртгөөр баригдаад байгаа ажил манайд өртөг нь яагаад ингэж их өсөөд байгааг тайлбарлаж чадахгүй байна. Х.Нямбаатар "Би Хятад улсын дарга биш, яаж мэддэг юм" гэж хэлсэн. Та гэртээ юм худалдаж авах гэж байгаа бол харьцуулсан судалгаагаа хийдэг биз дээ. Нийслэл яагаад харьцуулсан судалгаа хийхгүй байна вэ. 2.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ маш их мөнгө. Энэ жилийн улсын төсвийн зарлага 32 их наяд шүү дээ. Үүний бараг 7-8 хувьтай тэнцэх мөнгө. Дараа нь хэн төлөх вэ? Ард түмэн төлнө. Харин эндээс мөнгө идсэн хүмүүс энэ улсад байхгүй байх болов уу.
-Тайлбар өгч чадахгүй байгаа шалтгааныг мөнгө гэж харж байгаа юм байна?
-Тийм ээ. Мөнгөний асуудал. Мөнгө идэх гэж төслийг зүтгүүлж байна. Хятад компанийг буруутгахгүй. Харин дотооддоо ашиглаад, ард түмний хэрэгцээг далимдуулж мөнгө идэх асуудал явж байна.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.