Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2026.04.16/ парламентаар хэлэлцэнэ. Тодруулбал, Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын чуулганы хуралдаа оролцохгүй, ирцэд орсон ч санал хураалтад оролцохгүй байгаа, Ёс зүйн зөрчил гаргаж буй парламентын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хуулийн төсөлд тусгаад буй юм.
Харин даваа гараг /2026.04.13/-т хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй гэж "хоёр одтой" шийдвэр гаргаж буйгаа О.Цогтгэрэл мэдэгдсэн. АН-ын бүлгийн "хоёр одтой" шийдвэрийг гишүүд нь заавал дагаж мөрдөх шаардлагагүй шийдвэр гэж ойлгож болох юм.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн 20 орчим гишүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа аж.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн О.Алтангэрэл, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Ж.Баярмаа, П.Батчимэг, Ж.Батсуурь, Д.Ганбат, А.Ганбаатар, Х.Тэмүүжин, Б.Түвшин, Ө.Шижир, Д.Энхтуяа, Д.Жаргалсайхан, Р.Эрдэнэбүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэворж нарын гишүүд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.