Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товложээ.

Өнгөрсөн долоо хоногт уг төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан нам завсарлага авснаар санал хураалт хойшилсон юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь чуулганы хуралдаанд тогтмол оролцдоггүй, гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийнхээ халхавчинд нуугддаг, ёс зүйн зөрчил гаргадаг зэрэг асуудлыг цэгцэлж, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, жишиг тогтоох хуулийн төсөл гэж үзэж байгаа юм.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлүүдийг тусгажээ.

  • Өргөсөн тангаргаасаа няцсан;
  • Ард түмнийг төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу чуулганы нэгдсэн хуралдааны 30-аас дээш хувьд оролцоогүй;
  • Хууль тогтоох үйл ажиллагаанд хангалтгүй оролцож, санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
  • Ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх маргаашийн чуулганы хуралдаан улс төрийн хүрээнд анхаарал татаж, хүлээлт үүсгэж буй асуудлын нэг болоод байна.