Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нийгмийн анхаарлын төвд орж, үүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бодлогын түвшинд анхаарал хандуулах шаардлага үүсээд буй юм.
Энэ хүрээнд Улсын Их Хурын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2026.04.15/ хуралдаанаар үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааныг даргалсан Дам.Цогтбаатар уг тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд ажлын хэсэг нь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэх хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлэх, мөн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй байх юм.
Тогтоолын төсөлд ажлын хэсгийг С.Одонтуяагаар ахлуулж, холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тусгажээ.
Уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэнээр тогтоолыг баталсанд тооцсон байна. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсгийг С.Одонтуяа ахлахаар болж байна.