Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудыг түдгэлзүүлэх, Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсан талаар Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Дам.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Тэд мэргэжлийн холбоо байгуулах нэрийдлээр тухайн салбарт эзэн суудаг, чөлөөт, шударга өрсөлдөөнийг хаах зэргээр саад учруулдаг байдлыг шүүмжилж, улс төрийн намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах, гишүүдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.