Энэ оны эхний гурван сарын байдлаар 311 гэмт хэрэгт 353 хүүхэд холбогдон шалгагдсан байна.
Гэмт хэрэгт холбогдосон насанд хүрээгүй хүний тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52.8 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдсон 353 хүүхдийн 96.3 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Нийт хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэргийн 61.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа нь хүүхдүүд цахим орчныг гэмт хэрэг үйлдэх талбар болгон амар хялбар аргаар мөнгөтэй болох сэдэлтэй байна. Хүүхдүүд ихэвчлэн бусдын өмчлөх эрхэнд хүч хэрэглэн эсвэл залилах үйлдлийн аргаар халдаж байна.
Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэргийн дээрэмдэх /6.1 хувь/, Хулгайлах /14.5 хувь/, Залилах /61.1 хувь/ гэмт хэргүүд эзэлж байгаа төдийгүй хүүхдүүд бусдын биед халдаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ. Монгол Улсын Эрүүгийн хуульд Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Түүнчлэн 14-16 хүртэл насны хүн Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүчиндэх, Хулгайлах, Дээрэмдэх, Эд хөрөнгө устгах, гэмтээх, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах, Террор үйлдэх эдгээр зүйл ангиудад заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Манай улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх” гэж иргэний үүргийг тусгаж өгсөн байдаг. Үүгээр ч зогсохгүй “Хүүхэд хамгааллын тухай” хуульд Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх үүрэгтэй гэж заасан.
Түүнчлэн энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхэд өртөж, хохирсон 518 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувь буурсан үзүүлэлттэй байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн 67.2 хувь нь Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол гэмт хэргийн улмаас 531 хүүхэд хохирч, үүнээс 161 хүүхэд гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл байна.
Нийт хүүхэд хохирсон гэмт хэргээс хулгайлах гэмт хэрэг 21.4 хувь байгаа нь хүүхдүүд сургууль болон гудамж талбайд явж байхдаа гар утас, бусад эд зүйлсээ алдаж гэмт хэргийн хохирогч болжээ. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2026 оны эхний гуравдугаар сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 36 хүүхэд хохирч, үүнээс 10 хүүхэд биедээ гэмтэл авсан байна.
Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хүүхэд хамгааллын тухай”, “Хүүхдийн эрхийн тухай” хууль тогтоомжуудад бүх шатны байгууллага иргэн бүр хүүхдийн эрхийг хамгаалах, зохих арга хэмжээг авах тухай тусгасан байдаг. Энэ оны эхний 2 сард 11-17 насны 308 хүүхэд Танхайрах, хүний биед халдах, хулгайлах, эд хөрөнгө устгах гэмтээх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн байна. Бид ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч гэдгээ ухамсарлах ёстой.