ИЗНН-ын даргаар сонгогдсон гэж буй УИХ-ын гишүүн Р.Батболд "өөрийгөө болон дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх"-ээр Улсын дээд шүүхэд ханджээ

ИЗНН-ын даргаар сонгогдсон гэж буй УИХ-ын гишүүн Р.Батболд "өөрийгөө болон дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх"-ээр Улсын дээд шүүхэд ханджээ

Иргэний зориг ногоон нам Ардчилсан намын түүхийг давтаж, намын хоёр даргатай болоод байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард /2026.03.09/ ИЗНН-ынхан хоёр газар хуралдаж, нэг талд 26 жилийн ойн баяраа тэмдэглэсэн бол нөгөө талд Онц их хурлаа хийж, намын даргаа сонгосон байдаг. 

Тодруулбал, ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар намынхаа 26 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар театрт зарлаж, энэ үеэрээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Харин нөгөө талд намын тэргүүн дэд дарга С.Батбаатар нар “Новотел” зочид буудалд намынхаа Онц их хурлыг зарлан хуралдуулж, намын дарга Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар ажиллах чадамжгүй гэж үзэн огцруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Р.Батболдыг намынхаа даргаараа сонгосон байдаг.

Тэгвэл Иргэний зориг ногоон намын Онц их хурлаас сонгогдсон гэх тус намын дарга Р.Батболд нь өнгөрсөн пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хандсан байна. Тэрбээр Онц их хурлаас сонгогдсон намын дарга Р.Батболдыг болон дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан аж. Улсын дээд шүүхэд хаягласан түүний өргөдлийг шүүх хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

-Б.БАТБААТАР: Р.БАТБОЛД НАР ДҮРМИЙН БУС, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ НАМЫН ОНЦ ИХ ХУРЛЫГ ХИЙСЭН-

Эргэн сануулахад, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаараа сонгосон гэх Онц их хурлын талаар "2000 оны гуравдугаар сарын 9-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Иргэний зориг намыг байгуулснаа зарлаж, УИХ-д сонгуульд оролцон парламентад суудалтай болсон. Энэ хугацаанд Иргэний зориг намд нэг бус нэлээд хэдэн нам нэгдэж хамтарч явсан. 2011 онд Ногоон нам нэгдсэнээр Иргэний Зориг Ногоон Нам гэдэг нэршилтэй болсон. Миний бие 2016 онд ИЗНН-д элсэж байсан, арав дахь жилдээ энэ намын гишүүнээр ажиллаж, 2023 оны есдүгээр сарын 9-ний өдрийн их хурлаар намын даргаар сонгогдсон.

Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын иргэд намын Онц их хурал гэдэг зүйлийг хийсэн. Тэдний энэхүү хууль бус үйл ажиллагаанд манай намын дүүргийн дарга нар очиж, энэ ажлаа зогсоох шаардлага тавьсан. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. 

Намын дарга улс төрийн зөвлөлийн хурлыг зарладаг. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг, Үндэсний хороо хуралдаад 30-аас дээш хоногийн хугацаанд намын их хурлыг зарладаг зохицуулалттай. Хэрэв онц их хурал нэрийн дор намын эрх мэдлийг өөр зорилгоор авах гэж оролддог бол Монголд бүртгэлтэй буй 37 намын онц их хурал хуралдаж, удирдлагаа солих боломжтой болно. Тэгэхээр энэ зүйл боломжгүй. 

Онц их хурлаар намын даргыг хөөлөө гэдэг зүйл ярьж буй этгээдүүдэд хандаж хэлэхэд аль ч улс төрийн нам гэдэг чинь төрийн бус байгууллагаас арай өөр. Намуудын дүрэмд гишүүнийг өөрийн хүсэлтээр биш бол хасах асуудлыг Хяналтын хороо, Ёс зүйн хороо шийдвэрлэдэг. Тиймээс хэн нэгэн этгээд намайг болон намын дэд даргыг ИЗНН-ын гишүүнчлэлээс дураараа хасах эрх байхгүй. Манай намд тэргүүн дэд дарга гээд байгаа С.Батбаатар гэж хүн байхгүй" гэсэн гэх мэдээллийг өгсөн байдаг. 

-ОНЦ ИХ ХУРЛААС ГАРСАН ДҮРМЭЭ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД МЭДҮҮЛНЭ-

Харин ИЗНН-ын шинэ даргаар томилогдсон гэгдэж буй, УИХ-ын гишүүн Р.Батболд "Улс төрийн намын тухай хууль мөрдөгдөж эхлээд гурван сар болж байна. Энэ хуулийн хүрээнд бүх улс төрийн нам хүчин Улс төрийн намын тухай хуультай нийцүүлж дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл манай нам дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхээс засах асуудлыг хэлж манай намын дүрмийг дөрвөн удаа буцаасан. Энэ асуудлуудыг засаж чадаагүй гэсэн үг. Тиймээс манай нам дүрэмгүй байна. Хуучин дүрмээ мөрдөөд явъя гэхээр Улс төрийн намын тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учир хууль зөрчинө. Анхан болон дунд шатны намуудаас Онц их хурлаа хуралдуул гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрэв дүрмээ бүртгүүлээд явахгүй бол цаашид маш том эрсдэлтэй учирна. Тиймээс манай намын гишүүд Онц их хурлаа хийлээ. Тэгэхээр үүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Эндээс гарсан дүрмээ Дээд шүүхэд мэдүүлнэ. Б.Батбаатар даргыг ямар үндэслэлээр хүчингүй гэж хэлж байгааг мэдэхгүй, дахиад хэлье манай нам дүрэмгүй байгаа. 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Улсын дээд шүүхээс ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээс татгалзлаа гэсэн тогтоол байгаа. Тэгэхээр манай нам намын дарга ч үгүй байгаа гэж ойлгож байгаа. Бид уулзаагүй байна. Намайг захиалагчтай гэх зүйлийг хэлж байна, өөрөө л тэгдэг байх. ИЗНН парламентад суудалтай учраас ерөнхийлөгчид хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжтой. Б.Батбаатар гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай яриагүй. Хэрвээ дүрмээ батлуулж чадахгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй татан буугдана. Тэгэхээр хэн нэг даргатай ойлголцоод шийдэх асуудал биш намын хувь заяа явж байна" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. 

Ямартай ч ИЗНН-ын даргаар сонгогдсон гэгдэж буй УИХ-ын гишүүн Р.Батболд өөрийгөө намын даргад болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө