Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль боловсруулагчдаас хариулт авч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Энэ бол цаашид парламент цаашаа орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр оршиж байгаа хуулийн төсөл. Хүн болгон хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар хийх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг байж эв нэгдлийг хангадаг, Засгийн газар нь Засгийн газар шиг асуудлаа шийддэг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Тэр нь юу гэхээр ардчилсан тогтолцоо, парламентийн дархлааг хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийнхээ аж амьдралд шаардлагатай хуулиудыг батлах. Гэтэл манайд өнөөдөр бүх зүйл хөлөөрөө толгой хийж байна гэдэг шиг болоод байна. Яг хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа хүн алга. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь хүртэл УИХ-д орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна.” гэсэн юм.
Харин энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Б.Жаргалан гишүүн надад хандаж үг хэлсэн учир хариулт өгье. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар нарийн бичгийн даргын хүлээх үүрэг нь гишүүдийнхээ бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн намайг энэ хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр оруулсан. Миний бие Б.Жаргалан гишүүнд Үндсэн хуулийн процессын эрх зүй хичээл зааж байсан. Би ёс зүйн алдаа гаргаснаа ойлгож байна. Хичээлдээ суугаагүй, хүнээр дүнгээ гуйлгаж тавиулсан юм байна. Миний хичээлийг ойлгоогүй, суусангүй учир Үндсэн хуулийнхаа ойлголт, агуулгыг мэдэхгүй байж ийм зүйл ярьж байна” гэсэн хариулт өгсөн юм.
ВИДЕО: