Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль боловсруулагчдаас хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д-Бум-Очир “Маш сонирхолтой, анхаарууштай, бас нэлээн няхуур хандахаар хуулийн төсөл орж ирлээ. Энэ асуудал орж ирж байгаад баяртай байна. Энэ нь ард иргэдийн бидэнд тавьж байгаа шаардлага гэж хэлж болно. Нэгдүгээрт, энэ хэлэлцүүлгийн туршид бид хоёр зүйлийг хольж солиод байна. Ёс суртахуун болоод ёс зүй. Энэ хоёрын хувьд хоорондоо нягт холбоотой ч нэг зүйл биш. Ёс зүй гэдэг нь хувь хүний дотоод хэм хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хувьдаа юуг зөв, буруу гэж бодож байгаа буюу тухайн хүний итгэл үнэмшил чухал байдаг. Харин ёс зүй гэдэг нь мэргэжлээс тань шалтгаалж танаас шаардаж байгаа зүйл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дараагийн түвшний ёс зүй, ёс суртахуун нь хэзээ хуульчлагддаг вэ гэсэн асуудал байна. Энэ бол бүхэлд нь хуульчлах асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага бүрдсэн үед хуулийн зарим заалт болж орох нь бий. Ингээд үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа асуудлыг нийгэмд олноороо зөвшилцөөд, тодорхой хэмжээгээр хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн хэмжээнд яригдаж байна гэж би хувьдаа ойлгож байна. Уг хуулийн төслийн сайн тал нь төр нь төр шиг, УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн шиг байх нөхцөлийг бүрдүүлэхэд ашиг тустай гэж дүгнэж байна” гэлээ.