АТГ-т шалгагдаж буй Л.Оюун-Эрдэнэ, хилийн хоригтой Э.Болормаа нар “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцлээ

АТГ-т шалгагдаж буй Л.Оюун-Эрдэнэ, хилийн хоригтой Э.Болормаа нар “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр /2026.04.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүн эгүүлэн татах” буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БУЙ Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Э.БОЛОРМАА НАР ЭСЭРГҮҮЦЭВ-

Хуралдаанд оролцсон парламентын 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувь нь уг төслийг дэмжиж, чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ерөнхийлөгч хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьсан тул энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна. Өчигдөр болсон байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг иргэдийн гаргасан гомдолд үндэслэж, хэлэлцэнэ гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид онцолж байлаа. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг татах дөрвөн үндэслэл боловсруулсан.

Тодруулбал:

  1. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
  2. Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
  3. Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
  4. Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн гэж тусгаад байна. Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Тэгвэл энэхүү хуулийн төсөл цаашид УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, боловсронгуй болно. Ингээд олонхийн санал авч чадвал энэ хаврын чуулганаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүдийн зүгээс шүүмжлэл, болгоомжлол гарч байсан ч эцсийн санал хураалтаар төслийг олонх дэмжсэн юм. Харин уг төслийг дэмжээгүй гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа нар багтсан нь анхаарал татсан. Учир нь тэд өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд хамгийн түрүүнд "хариуцлагын шалгуур"-т өртөх магадлалтай гишүүд тул "хувийн ашиг сонирхол"-доо хөтлөгдөөд байж болзошгүй байгаа юм. 

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотойгоор 2025 оны зургаа болон арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгалт эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Мөн одоогоор түүнтэй холбоотой дөрвөн хэрэг АТГ-т хэрэг бүртгэлийн шатанд шалгагдаж байгаа гэх албан бус мэдээлэл ч гарчээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы ирцийг таслалтаараа тэргүүлж буй  гишүүдийн нэг. Гэтэл "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, эсэргүүцэж байгаа өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ нь өнгөрсөн Намрын чуулганаар гэхэд нийт 21 удаа тасалж тэргүүлсэн. Тэр дундаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын чуулганд нэг ч удаа оролцоогүй байдаг. 

Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал эгүүлэн татагдах үндэслэлтэй гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Э.Болормаа юм. Учир нь тэрээр УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авч, хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Учир нь Сонгуулийн тухай хуульд “гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүй, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. 

Тиймээс хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх”-ийн 2.3-т заасан, сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Улмаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

-ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ИХЭНХ НЬ Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН ХҮМҮҮСЭЭС БҮРДЭЖ БАЙНА-

Сонирхуулахад,  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын харьяа гол байнгын хороодын нэг бөгөөд төрийн байгуулалтын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахад бэлтгэдэг. Энэ хороо нь төрийн “үндсэн суурь бүтэц”-тэй холбоотой асуудлыг шийддэг учраас улс төр, засаглалын тогтвортой байдалд шууд нөлөөтэй. Энэ ч утгаараа энэ байнгын хороонд улс төрийн таван намын дарга багтдаг. Гэхдээ том зургаар нь харвал МАН-ын цөөнх гэж нэрлэгддэг гишүүд олонхийг бүрдүүлж байна. Тухайлбал,

тус байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очир ажилладаг бол Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Идэрбат, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ нар байна.

Мөн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, ХҮН намын дарга Т.Доржханд, Г.Уянгахишиг нарын жин МАН-ын цөөнхийн талд илүү дарах хандлагатай байна. Ингээд харвал “30-ын бүлэг” гэж нэрлэгдэх цөөнхийн тал илүү жин дарж байна гэж хэлж болохоор байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө