"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх" хуулийн төслийг ТББХ-оор дэмжлээ

"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх" хуулийн төслийг ТББХ-оор дэмжлээ

Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлд УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх, мөн УИХ-ын чуулганы танхимын индэр дээрээс УИХ-ын даргын суудлыг буулгах зэрэг зохицуулалтыг тусгасан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс энэхүү хуулийг баталбал МАН-ын бүлгээс УИХ-ын даргад нэр дэвшүүлж буй С.Бямбацогтыг дэмжих боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Иймд өнөөдөр өглөө хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явууллаа. Хуралдаанаар “Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураасан байна. Санал хураалтад оролцсон байнгын хорооны 23 гишүүнээс 18 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл 78.3 хувийн саналаар дэмжигдлээ.