Х.Тэмүүжин: Парламентын спикер эрх мэдлийн төвлөрөл, даргын шуналгүй байх ёстой

Х.Тэмүүжин: Парламентын спикер эрх мэдлийн төвлөрөл, даргын шуналгүй байх ёстой

МАН-ын УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ТББХ-оор хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч Х.Тэмүүжин хуулийн төслийн талаар тайлбар өглөө.

Тэрбээр “Нэгдүгээрт, бид дарга шүтдэг, даргад эрх мэдэл төвлөрүүлдэг хандлага руу бүгд уралдсан байна. УИХ-ын даргаа хоёр удаа унагасан шалтгаан ердөө энэ. Зүгээр УИХ-ын дарга хийгээд, парламентын ардчиллыг манаад сууж байх хүн намын дарга болох гэж оролдоод унасан. Нөгөө нь намын даргынхаа хажууд бас нэг сэтэр зүүх гээд УИХ-ын дарга болоод эцэст нь унасан. Тэгэхээр парламентын спикер эрх мэдлийн төвлөрөл, даргын шуналгүй байх ёстой. Эрх мэдлийг өөрт төвлөрүүлэх биш, 126 гишүүнд эрх мэдлийг задалж өгч, хөгжлийн бодлого ярих боломж олгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, чөлөөт дуу хоолой байх ёстой. Цөөнхөө боомилдог, олонхын талд орж цөөнхийн дуу хоолойг хязгаарладаг биш, чөлөөтэй яриулж, хэлэлцүүлдэг байх ёстой. Нэг талд гардаг парламентын дарга цөөнхөө хязгаарлачих гээд байдаг юм байна.

Гуравдугаарт, Монгол Улсад намаасаа түдгэлздэг эрх мэдэл Ерөнхийлөгчид бий. Гэтэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг түр эзгүйд орлодог. Гэтэл үүнийг нэг намын дарга хэрэгжүүлбэл Монгол Улсад Үндсэн хуулийн хямрал болно. Тиймээс УИХ-ын дарга намчрахгүй, намын үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн шаардлага юм” гэсэн тайлбар өглөө.