С.Амарсайхан: Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор МАН-ын хуваагдал эхэлсэн

2026-04-02 13:42

С.Амарсайхан: Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор МАН-ын хуваагдал эхэлсэн

УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлаар Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдах үеэр МАН-ын ЕНБД Я.Содбаатар "МАН-ын Удирдах зөвлөл хуралдахын өмнө С.Амарсайхан нэрээ татаж авсан учраас Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн" хэмээсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан тодруулахад, “Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй тийм учраас нэрээ татаж авсан зүйл огт болоогүй. Улсын нөхцөл байдал маш хүнд байнгаа учир бол МАН хуваагдлаа засаж, эв нэгдэлтэйгээр ажиллах хэрэгтэй байна. Надад өмнө жил Ерөнхий сайд болох санал тавьсан ч би татгалзаж байсан. Түүний дараа Г.Занданшатар гэдэг хүн Ерөнхий сайд болсноос хойш МАН-ын талцал, хуваагдал эхэлсэн байдаг” гэлээ.

ВИДЕО:

2026-04-02 11:31

Я.Содбаатар: УИХ-ын даргыг сонгосны дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын асуудлыг шийдвэрлэнэ

УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлаар Монгол Ардын намын Удирдах зөвлөл хурал боллоо. 

Энэ үеэр МАН-ын ЕНБД Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөл хуралдахын өмнө С.Амарсайхан нэрээ татаж авсан учраас Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх болно. Өнөөдөр УИХ-ын даргыг сонгосны дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын асуудлыг  шийдвэрлэнэ” гэлээ.

ВИДЕО: 

2026-04-02 11:09

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр боллоо

С.Амарсайхан, С.Бямбацогт нар тунан үлдэж, тэдний нэгийг нь Удирдах зөвлөлд оруулах магадлалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын дарга нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин түүнтэй хамт нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн С.Амарсайхан Удирдах зөвлөлийн хурал дээрээ нэрээ татсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон тул яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэгдэх юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

2026-04-02 07:32

С.Амарсайхан, С.Бямбацогт нар тунан үлдэж, тэдний нэгийг нь Удирдах зөвлөлд оруулах магадлалтай байна

МАН-ын дарга Н.Учралыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Ингэснээр УИХ-ын даргын албан тушаалд сонгогдох гэсэн марафон парламентад олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүд дотор өрнөсөн юм.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өнөөдрийг хүртэл батлагдахгүй байгаагийн нэг шалтгаан ч УИХ-ын дарга тодрохгүй байгаатай холбоотой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн цөөнх буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 20 орчим гишүүн, “эхлээд УИХ-ын даргаа тодруулъя, дараа нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцье” гээд байгаа гэдэг. Иймд өчигдөр /2026.04.01/ 17.00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдаж “УИХ-ын даргад нэр дэвшигч”-ийг тодруулж, үргэлжлүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана гэж байсан юм. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2026.04.02/-ийн 09.00 цаг хүртэл хойшлоод байна.

Өчигдөр гэнэт зарлагдаад хуралдаж чадаагүй Удирдах зөвлөлийн хурал ирц хүрээгүйдээ биш харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх дээр МАН-ын удирдлагууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс нэг өдрөөр хурлаа хойшлуулсан байна.

Тодруулбал,  УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд асан Ж.Энхбаяр, Шадар сайд асан С.Амарсайхан, Сангийн сайд асан Б.Жавхлан нарын нэрс яригдаж байсан юм. Тэгвэл Б.Жавхлангийн нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдахаас өмнө УИХ-ын даргад нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан гэх мэдээлэл байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар, түүний олон нийтийн дундах нэр хүндийг "сул" гэж үнэлсэн нь ийм шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй аж.

Хэрэв өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан тохиолдолд С.Амарсайхан, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас нэгийг нь хасч, үлдсэн хоёр нэр дэвшигчийн дунд санал хураалт явуулах эсвэл нэг нэр дээр тохирч, Удирдах зөвлөлийн хуралдаа оруулах төлөвлөгөөтэй байсан ч эцэстээ хурлаа хойшлуулжээ.

Харин өчигдөр оройн байдлаар Ж.Энхбаярын нэрийг УИХ-ын даргад нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч, С.Амарсайхан, С.Бямбацогт нар үлдсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Ийнхүү дээрх хоёрын аль нэгийг УИХ-ын даргад нэр дэвшигчээр өнөөдөр /2026.04.02/ 09:00 цагт болох МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оруулах магадлал өндөр байна. Учир нь С.Амарсайхан, С.Бямбацогт нарын дунд хэрэв санал хураалт явуулах байсан бол өчигдөр шийдвэрлэх боломжтой байсан тул энэ удаа нэг нэр дэвшигчийг шууд танилцуулахаар тохирсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр, "С.Амарсайхан, С.Бямбацогт нарын хэнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх талаарх тохиролцоонд МАН-ын удирдлагууд өнгөрсөн шөнө хүрсэн байх магадлалтай байна."

Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд “УИХ-ын даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлбэл спикерийг тодруулах чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэсэн байр суурь илэрхийлж буй аж. Харин нөгөө талд, МАН-ын бүлэг доторх Д.Амарбаясгалангийн нөлөө бүхий 30 орчим гишүүн “С.Амарсайханаас өөр хүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлбэл цаашид чуулганы хуралдаанд оролцохгүй” хэмээн шахалт үзүүлж буй ажээ.