МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэвлэлд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Намын эв нэгдлийг хангаж ажиллах шаардлагатай байна. Засгийн газарт ур чадвартай, ажил хийх хүсэлтэй хүмүүсийг томилж ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын даргын томилгооноос олон зүйл шалтгаална. Хэрэв ийм байдлаар хүч түрэн шийдвэрүүд гаргасаар байвал дараагийн алхмууд ч мөн адил явагдана. Цаашдаа УИХ-ын дарга нам бус байх ёстой юм шиг харагдаж байна. Шинээр сонгогдсон намын даргаа дэмжиж байгаа ч улс төрийн шийдвэрээ бие даан гаргаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. 30, 38 гишүүний бүлгүүдийн эвлэрлийн асуудлыг ярих гэж байгаа бол энэ нь томилгооноосоо эхлээд харагдах ёстой. Томилгоо хэрхэн явагдахаас хамаарч манай 30 гишүүн Засгийн газарт орж ажиллах эсэхээ шийднэ. Одоогийн нөхцөлд бид Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн байр суурьтай байна. Хэрэв ойлголцолгүй, зөвхөн нэр төдий хамтын ажиллагаа үргэлжилбэл бүлэгт үлдэж ажиллах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс 30 гишүүний санал бодлыг сонсож, эв нэгдлийг хангах бодит шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм шийдвэрүүд гарч чадвал намын даргаа бүрэн дэмжинэ. Харин эсрэг тохиолдолд парламентын ардчиллыг баримталж буй 30 гишүүний хувьд Засгийн газарт орж ажиллах шаардлагагүй гэж үзэж байна" хэмээн ярилаа.